images

Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний анхдугаар хэлэлцээг зохион байгуулав.

Хэвлэлийн мэдээ

2024-03-01

218

Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах шинжээчдийн түвшний анхдугаар хэлэлцээг 2024 оны 2 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. 
Хэлэлцээг Бүгд Найрамдах Австри Улсын Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, сувилахуй, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яамны Олон улсын нийгмийн даатгалын газрын дарга Бернхард Шпийгел, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү нар тэргүүлж оролцов.  
Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг цаашид эцэслэн байгуулснаар Монгол, Австри улсын иргэд нийгмийн харилцаанд харилцан тэгш эрхтэй байх, тухайн улсын тэтгэврийн тогтолцоонд хамрагдах хууль эрх зүйн үндэс бүрдэх юм. Шинжээчдийн түвшний анхдугаар уулзалтаар хоёр талын хэлэлцээрийн зарчим, хамрах хүрээ, ерөнхий агуулгыг хэлэлцэн тохиролцож, дараагийн шатны хэлэлцээг 2024 оны 5 дугаар сард Вена хотноо зохион байгуулахаар тогтов. Австри Улс нийгмийн хамгааллын чиглэлээр 50 орчим улстай хамтран ажиллах олон улсын гэрээ хэлэлцээр, тодорхой зохицуулалттай.
Үүнээс Европын Холбооноос бусад гуравдагч орнуудтай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээртээ даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг.
Австри Улсын 2023 оны статистик үзүүлэлтээр Монгол Улсын 2577 иргэн ажиллаж, амьдарч, сурч байгаагаас 250-300 нь их, дээд сургуульд суралцаж, ойролцоогоор 1500 орчим иргэд Австри Улсад ажил хөдөлмөр эрхэлж, Австрийн нийгмийн даатгалын тогтолцоонд хамрагдаж байна.