ЭЛЧИН САЙД М.ЦЭНГЭГ МОНТЕНЕГРО УЛСЫН ШАДАР САЙД БӨГӨӨД ГАДААД ХЭРГИЙН САЙД ЭРВИН ИБРАГИМОВИЧТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Монтенегро Улсад хавсран суугаа Элчин сайд М.Цэнгэг 2025 оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Монтенегро Улсын нийслэл Подгорица хотноо албан томилолтоор ажиллаж, энэ үеэр тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Эрвин Ибрагимовичтэй танилцах уулзалт хийв. Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгааг онцолж, ирэх 2026 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов.
Монтенегрогийн талаас Монгол Улстай аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, спорт, соёл хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан соёл хүмүүнлэг, спорт, аялал жуулчлалын салбарт хэд хэдэн хамтарсан арга хэмжээг зохион байгуулах боломжтойг монголын тал онцлов.
Уулзалтад Монтенегро дахь Монгол Улсын Өргөмжит консул Душан Симонович оролцсон бөгөөд тэрбээр Өргөмжит консулаар 2023 оноос хойш ажиллаж байна.
Монгол Улс Монтенегро Улстай 2006 онд дипломат харилцаа тогтоосон.