Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман 2025 оны 07 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Уг айлчлал нь Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайдын түвшинд Монгол Улсад хийж буй анхны албан ёсны айлчлал бөгөөд айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
Албан ёсны хэлэлцээгээр талууд Монгол, Хорватын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, томоохон зорилтуудын талаар танилцуулж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хорват Улстай хамтран ажиллах талаар ярилцлаа.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг даван туулах, шийдвэрлэхэд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухлыг онцолж, энэ чиглэлд нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.
Монгол, Хорватын харилцааны гүүр болсон иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх, ялангуяа оюутан залуусыг хоёр улсад харилцан тэтгэлгээр суралцуулах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа талууд нотлов.
Айлчлалын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Үүнд:
-
“Олон улсад автозамаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”,
-
“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Хорват Улсын Гадаад хэрэг, Европын яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,
-
“Ойн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Ойн газар болон Бүгд Найрамдах Хорват Улсын “Хорватын Ой” ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,
-
“Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Хорватын Эдийн засгийн танхим хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”.
Айлчлалын хоёр дох өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман бараалхлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түнш Хорват Улстай нийгэм, эдийн засгийн олон салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг хэлээд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, айлчлалын хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурсны чухлыг тэмдэглэв.
Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман Ерөнхий сайд Г.Занданшатарыг цаг гарган хүлээн авч байгаад талархал илэрхийлж, Монгол, Хорватын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийллээ.
Мөн хорватын холбогдох албаны төлөөлөгчид ЗГХА Ойн газар, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.