МОНГОЛ УЛС ТОГТООЛЫН ТӨСӨЛ САНААЧЛАВ
Улс төрийн намууд, төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, энэ чиглэлд олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурийг бэхжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар Норвег, Албани, Гана Улсын хамтаар “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг санаачлан ирэх 12 дугаар сард Катарын Доха хотноо болох НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын оролцогч талуудын 11 дүгээр бага хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэн ажиллаж байна.
Эл өдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Монгол, Норвег, Албани, Гана Улсын НҮБ-ын Вена дахь төвд суугаа Байнгын төлөөлөгчид тус тогтоолын төслийг НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын оролцогч талуудад албан ёсоор танилцуулав. Уг тогтоол нь ардчилсан институтийн талаарх олон нийтийн итгэлийг бэхжүүлж, нийгмийн тогтвортой байдлыг дэмжиж, төрийн албанд ёс зүй, шударга байдлын зарчмыг бататган дэлхий дахинд тогтвортой хөгжлийг урагшлуулах, хууль дээдлэх зарчмыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх юм.