ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ “77-Н БҮЛЭГ”-Т ТАНИЛЦУУЛАВ
Улс төрийн намууд, төрийн сонгуульт албан тушаалд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах, энэ чиглэлд олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурийг бэхжүүлэх хүрээнд Монгол Улс Норвег, Албани, Гана Улстай хамтран “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг санаачлан Катар Улсын Доха хотноо 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд болох Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр бага хурлаар хэлэлцүүлэхээр болоод байгаа билээ.
Уг тогтоолын төслийг өнгөрсөн 10 дугаар сарын 09-ний өдөр Оролцогч талуудад анх танилцуулж, 11 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулан тал талын саналыг аван нэгтгэж, текстийг сайжруулж, ажиллалаа. Улмаар өнөөдөр буюу 12 дугаар сарын 09-ний өдөр өдгөө 134 орныг нэгтгэсэн НҮБ-ын дэргэдэх “77-н бүлэг”-ийн гишүүн орнуудын төлөөлөлд танилцуулж, Доха хотноо болох бага хурлаар тогтоолыг дэмжихийг уриалав. Арга хэмжээнд Монгол Улсаас Вена дахь НҮБ болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч М.Цэнгэг тэргүүлэн оролцсон бол Гана, Албани, Норвег Улсын Байнгын төлөөлөгчид байлцав.
Тогтоолын зорилго нь ардчилсан институцид итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх, нийгмийн тогтвортой байдлыг дэмжиж, төрийн албанд ёс зүй, шударга ёсны зарчмыг бататган дэлхий дахинд тогтвортой хөгжлийг урагшлуулах, хууль дээдлэх зарчмыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх юм.