НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага
2022-11-13
МОНГОЛ УЛС, UNIDO-ГИЙН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ
НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-тай хамтран ажиллаж ирсэн байдлыг үндсэнд нь хоёр үед хувааж болох юм. 1968 оноос 1985 он хүртэлх эхний үе шатанд ЮНИДО нь НҮБ-ын Ерөнхий Ассемблейн харъяа байгууллага байсан үеийг, хоёр дахь үе шатанд ЮНИДО НҮБ-ын төрөлжсөн байгууллага болсон буюу 1986 оноос хойшхи хугацааг хамруулж болно.
1. Хамтын ажиллагааны эхний үе шатны тухай
Монгол, ЮНИДО-гийн хамтын ажиллагаа эхний үе шатанд нэлээд идэвхтэй байв. Энэ хугацаанд харилцан айлчлал хийх, төсөл хэрэгжүүлэх, ЮНИДО-гоос мэргэжилтэн ирүүлэх, манай мэргэжилтнүүдийг ЮНИДО-гийн сургалт, семинарт оролцуулж сургах зэрэг хэлбэрээр явагдаж байв.
ЮНИДО-гийн Монголын үндэсний комиссыг анх 1979 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дэргэд байгуулж, 1980 онд ГЭЗХУХ-ны дарга Д.Салдан, ЮНИДО-гийн төвд айлчлал хийжээ.
1981-1983 онд манай улс ЮНИДО-гийн удирдах гол байгууллагын нэг болох Үйлдвэр хөгжлийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан байна.
Эхний он жилүүдэд манай улс ЮНИДО-гийн хурал, чуулган болон бусад арга хэмжээнд идэвхтэй оролцож байв. 1984 онд Вена хотноо болсон ЮНИДО-гийн IV Ерөнхий бага хуралд хуучин ЗХУ-ын төлөөлөгчидтэй хамтран “Аж үйлдвэржүүлэхэд дотоод нөөц бололцоог дайчлах тухай” асуудлаар тогтоолын төсөл боловсруулан оруулж батлуулсан байна.
1985 онд ГЭЗХУХ-ны дарга, ЮНИДО-гийн Монголын үндэсний комиссын дарга П.Очирбат Венад болсон ЮНИДО-гийн хуралдаанд оролцжээ.
ЮНИДО-гийн шугамаар зохиогддог олон улсын сургалт, семинарын хөтөлбөрт үндэсний мэргэжилтнүүдийг хамруулах, мэргэжил дээшлүүлэх, дадлага хийлгэхэд чухалчлан анхаарч ирэв.
2. Хамтын ажиллагааны хоёр дахь үе шатны тухай
Монгол, ЮНИДО-гийн харилцаа, хамтын ажиллагаа нь ЮНИДО-г НҮБ-ын төрөлжсөн байгууллага болсны дараа нэг хэсэгтээ урьдын адил идэвхтэй хөгжиж ирэв. Энэ нь харилцан төлөөлөгчид солилцох, тусламжийн төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, ЮНИДО-гийн сургалтын курс, семинарт оролцох зэрэг уламжлалт хэлбэрээр хэрэгжиж байсан байна.
Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт тэргүүтэй төлөөлөгчид 1994 онд ЮНИДО-гийн Ерөнхий захирал Мариа Кампосын урилгаар айлчлав. Тус айлчлалын үеэр “Хөрөнгө оруулалтыг дэмжих олон улсын чуулга уулзалт”-ыг 1996 онд Улаанбаатарт зохион явуулахаар тохиролцсон байна. Уулзалтыг Дэлхийн банктай хамтран зохиох арга хэмжээ болгож, тус банкны санхүүжилтээр 1997 онд хэрэгжүүлжээ.
Ийнхүү 1995 оноос хойш ЮНИДО-той хамтран зохиох дорвитой томоохон арга хэмжээний асуудал яригдаагүй ба хамтын ажиллагаа нэг хэсэгтээ зогсонги байдалд орсон байна. Үүнд нөлөөлсөн нэг хүчин зүйл бол манай талын идэвх санаачилга дутагдалтай байсан явдал юм. Мөн манай улсын яам, газруудын бүтэц, зохион байгуулалт ойр ойрхон шинэчлэгдэхийн хамт ЮНИДО-той хамтран ажиллах, зохицуулах нэгжийн асуудлыг оновчтой тогтоож шийдвэрлээгүйтэй ч холбоотой байж болох талтай. Нөгөө нэг хүчин зүйл бол 1990-ээд оны дунд үеэс ЮНИДО-гийн санхүүгийн үйл ажиллагаа оновчгүй төлөвлөгдөж, хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн үндэслэл хангалтгүй хийгддэг гэх мэтээр гишүүн орнууд шүүмжлэн, зарим нь гишүүнчлэлээс түдгэлзэх болсон. АНУ 60 сая ам. долларын гишүүний татварын өртэй байгууллагын гишүүнчлэлээс гарч, түүнийг нь Австрали, Канад дагасан байна. Мөн Герман, Их Британи, Дани зэрэг улс гишүүний эрхээс түдгэлзэх саналтай байв.
ЮНИДО-гийн Монголын үндэсний хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн 1993 онд Худалдаа, үйлдвэрийн яамны дэргэд байгуулжээ. 1996 онд Үндэсний хорооны даргын үүргийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдад хариуцуулж, бүрэлдэхүүнийг дахин өөрчилж баталсан байна. Гэхдээ ЮНИДО-той хамтран ажиллах асуудлыг зохицуулах нэгжийг өөрчлөн байгуулж, асуудлыг тусгайлан байгуулсан үндэсний хороонд хариуцуулахгүйгээр, харин ГХЯ-ны ажил үүргийн хүрээнд зохицуулж ирэв.
3. Техник тусламжийн талаар
Монгол, ЮНИДО-гийн хамтын ажиллагааны гол хэлбэр болох техник тусламжийн төслүүдийг 1968 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Гэхдээ ЮНИДО нь гишүүн орнуудад техник, санхүүгийн тусламж олгодог байгууллага бус, харин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, тусламжийн сангаас үйлдвэр хөгжлийн салбарт хэрэгжүүлэхээр баталсан тусламжийн төслүүдийн гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж иржээ. 1972 оноос хойш нийтдээ 14.4 сая ам. долларын 88 төслийн хэрэгжүүлэгчээр ЮНИДО ажилласан. Эдгээр төсөл нь аж үйлдвэрийн дэд салбарын технологи дамжуулахад голлон чиглэгдэж байв. Тухайлбал, ноос ноолуур, мах боловсруулалт, сүү бүтээгдэхүүн, арьс шир, эрдэс баялгийн боловсруулалт гэх мэт. Түүнчлэн аж үйлдвэрийн мэдээллийн тогтолцоог сайжруулахад зарим төсөл чиглэгдэж байсан байна.
4. Хамтын ажиллагааны сүүлийн үеийн өрнөлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
Дээр дурдсанчлан 1995 оноос хойш ЮНИДО-той хамтран томоохон арга хэмжээ зохион байгуулаагүй ба хамтын ажиллагаа зогсонги байдалд орсон. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл бол нэг талаас манай талын идэвх санаачилга дутагдалтай, нөгөө талаас ЮНИДО санхүүгийн хүнд байдалд байсан явдал юм.
1996 онд ЮНИДО-гийн Монголыг хариуцсан ажилтан Шенг Сун Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны шугамаар ирж ажилласан байна. Тэрээр манай улсад хандивлагчдын шугамаар хэрэгжүүлж буй төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд илүү анхаарал тавьж, холбогдох хүмүүстэй уулзалт хийсний үндсэн дээр ЮНИДО-гоос үзүүлэх тусламжийн талаар санал боловсруулж ХХААЯ-нд ирүүлж байжээ.
1998 оны 9 дүгээр сард Женев дэх Байнгын төлөөлөгч С.Болд ЮНИДО-гийн Ерөнхий захирал Карлос А.Магариньос-той уулзахдаа түүнийг Монгол улсад айлчлахыг урьсан байна. 1998 оны 10 дугаар сард ЮНИДО-гийн Бээжин дэх суурин төлөөлөгч Б.Сугаванам Улаанбаатар ажиллахдаа яам, газар, хандивлагч улс орон, олон улсын байгууллагынхантай уулзалт хийж, Монгол, ЮНИДО-гийн хооронд техникийн хамтын ажиллагаа хөгжүүлэх салбаруудыг тодруулах талаар анхаарч ажиллажээ.
ЮНИДО-гийн Парис дахь салбарын орлогч дарга Жерар Гаву 2000 оны 3 дугаар сард манай улсад айлчилсан. ЮНИДО-гийн Парис дахь салбарт ГХЯ-ны ажилтан 5 сарын хугацаагаар ажиллаж, Францын хөрөнгө оруулагчдыг Монголд татах, хоёр орны үйлдвэр аж ахуйн газруудын хооронд хэлхээ холбоо тогтоох судалгаа хийв.
2001 оны 5 дугаар сард Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун ЮНИДО-гийн төвд айлчилж, тус байгууллагын ерөнхий захирлын орлогч Ё.Марунотой уулзаж ярилцахдаа өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаанд дүгнэлт өгч, дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.
Үүнд:
- үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
- хувийг хэвшлийг хэвшлийг дэмжих, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- хүрээлэгч орчинд таатай технологи, үйлдвэрлэл нэвтрүүлэхэд мэргэжилтний зөвлөгөө авах
Техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2002 оны 10 дугаар сард Даян дэлхийн байгаль орчны сангаас /GEF/ санхүүжих 492 мян.ам.долларын өртөг бүхий Органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцийг Монгол Улсад хэрэгжүүлэх талаар төслийг батлан хэрэгжүүлсэн. Мөн 2002 онд Үйлдвэр, худалдааны хөгжлийн бодлогын тухай тойм судалгааны /Industrial and Trade Development Policy Review/ төслийг НҮБХХ-ийн 108,7 мян.ам.долларын санхүүжилтэйгээр ЮНИДО-той хамтран хэрэгжүүлсэн болно. Төсөл нь манай улсын үйлдвэр, худалдааны хөгжлийн бодлого, хөтөлбөрийг урт хугацаанд тодорхойлж, аж үйлдвэрийн салбарын хөгжилд үзүүлэх бодлогын томьёолол, техникийн тусламжийг тодорхойлсон. Төслийн хүрээнд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах салбарын судалгаа хийж, экспортын бүтээгдэхүүн болон маркетингийн өмнө тулгарч буй саад, бэрхшээлийг тодорхойлсон. Дээрх үйл ажиллагааг нэгтэн дүгнэж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор ЮНИДО-той хамтран 2002 оны 11 дүгээр сарын 6-7-нд Улаанбаатар хотноо «Монгол Улсын үйлдвэр худалдааны хөгжил» сэдэвт симпозиумыг зохион байгуулав.
2003 онд Монгол Улс Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газраа Австрийн Вена хотод нээснээр хамтын ажиллагаа идэвхжиж байна. Тухайлбал, ЮНИДО-гийн удирдлагуудтай байнга уулзаж хамтын ажиллагааг сэргээх, хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж мэдээлэл, санал солилцохоос гадна ЕБХ, ҮХЗ, ХТХ-ийн чуулгануудад тогтмол оролцдог болсон. Түүнчлэн Засгийн газрын өндөр албаны хүмүүс ЮНИДО-д зочилж, хоёр талын уулзалт, яриа хэлэлцээг тогтмол өрнүүлж байна. 2004 онд Байгаль орчны сайд У.Барсболд ЮНИДО-гийн удирдлагатай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон. 2005 оны 3 дугаар сард Монгол Улсын Шадар сайд Ч.Улаан Вена хотноо ҮХБ-ын Ерөнхий захирал Карлос Магариньостой уулзаж засгийн газрын бодлого, эдийн засгийн талаар мэдээлж, Монгол Улсын Засгийн газар ба ЮНИДО-гийн хооронд байгуулсан Санамж бичгийн хэрэгжилтийн талаар ярилцсан.
ЮНИДО-гийн Ази Номхон далайн бүсийн газрын дарга Янг Вон Су 2005 оны 10 сарын сүүлчээр, газрын орлогч дарга К.Билланд 2005 оны 12 сарын сүүлчээр Монгол Улсад айлчилсан бөгөөд айлчлалын үеэр Монгол улсад Орны нэгдсэн Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар тохиролцож, түүнд үйлдвэрийн ямар салбаруудыг хамруулах шаардлагатайг судлав. Үйлдвэр, худалдааны яамны хүсэлтээр ЮНИДО-ын зөвлөх Х. Н. Тан 2005 оны сүүлийн хагаст Монголд ажиллан “Монголын аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварын үнэлгээ”(Competitiveness Assessment of the Industrial Sector)-г хийсэн.
2006 онд Орны нэгдсэн хөтөлбөрийг боловсруулах зорилгоор ҮХБ-ээс 5 ажлын хэсэг буюу 9 мэргэжилтэн Монголд ажиллан 2006 оны 11 сард уг хөтөлбөрийн баримт бичгийг боловсруулж дууссан. 2006 оны 11 сард Монгол Улсын Үйлдвэр худалдааны Дэд сайд Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид ЮНИДО-гийн Аж үйлдвэрийн хөгжлийн зөвлөлийн 32 дугаар чуулган, ҮХБ-ын 40 жилийн ойн арга хэмжээнд оролцсон. Төлөөлөгчид НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал К.Юмкеллатай уулзаж, ЮНИДО-гийн төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотод нээх, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломж зэрэг асуудлуудаар санал солилцсон.
2006 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр ЮНИДО-гийн Ерөнхий захирал К.Юмкелла, Байнгын төлөөлөгч Л. Энхтайван нар Монгол Улсын Засгийн газар, ЮНИДО-той хамтран хэрэгжүүлэх Орны нэгдсэн хөтөлбөрт гарын үсэг зурсан. Уг хөтөлбөр нь 8,06 сая ам. долларын өртөгтэй бөгөөд экспортын чиглэлтэй малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг ханган, өрсөлдөх чадварыг сайжруулах замаар ядуурлыг бууруулах зорилготой болно. Хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж эхлээд байна.