Жолоочийн үнэмлэх ашиглах, солиулах тухай
2023-03-22
Австрийн Замын хөдөлгөөний хуульд зааснаар Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн конвенцын 41 дүгээр зүйлд заасанчлан Австри Улсад түр хугацаагаар зорчих хугацаандаа тээврийн хэрэгсэл жолооодох Монгол Улсын иргэд өөрийн орны жолоочийн үнэмлэхийг ашиглах боломжтой бөгөөд олон улсын жолоочийн үнэмлэхийг хамтад нь биедээ авч явахыг зөвлөж байна. Харин оршин суух зөвшөөрөл бүхий иргэд 6 сараас дээш хугацаанд тус улсад байгаа тохиолдолд Замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар Австрийн жолоочийн үнэмлэх солиулж авах шаардлагатай бөгөөд жолоочийн үнэмлэх солиулах хүсэлтийг харьяа мужийн цагдаагийн газарт гаргана.
Бүрдүүлэх материал
- Гадаад паспорт
- Жолоочийн үнэмлэх (шаардлагатай тохиолдолд албан ёсны орчуулга)
- 35х45мм цээж зураг
- Эрүүл мэндийн бичиг (Зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн байгууллагын хаягийн жагсаалт)
- Австри Улсад оршин суух бүртгэлтэй хаяг (Meldezettel)
Хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын иргэд Австри Улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрх авахын тул эрүүл мэндийн бичиг болон жолоодлогын шалгалт өгөх шаардлагатай юм.
Үнэмлэх солиулах зардал
- Эрүүл мэндийн бичиг – жолоодох эрхийн ангиллаас хамаарч 35-130 евро,
- Үнэмлэх солиулах хүсэлтийн хүлээн авч шийдвэрлэх үйлчилгээний хураамж 60,50 евро.
Том оврын тээврийн жолоочийн хувьд Австри Улсад нэмэлтээр мэргэжлийн ур чадварын үнэмлэх (CPC - Driver Certificate of Professional Competence)-тэй байх шаардлага тавигддаг байна.
Австрийн Замын хөдөлгөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг
3. ЕХ-ноос бусад улс орны эрх бүхий байгууллагаас олгосон жолоодох эрхийн гэрчилгээтэй 18 нас хүрсэн эзэмшигчид дараахь тохиолдолд үндэслэн ижил ангиллын жолоочийн үнэмлэх олгоно. Үүнд:
- Хүсэлт гаргагч нь гадаад орны эрх бүхий байгууллагаас олгосон жолоодох эрхийн үнэмлэхийг авах хугацаандаа тухайн улсдаа буюу Монгол Улсад доод тал нь 6 сар амьдарсан байх эсвэл оршин сууж байсан (хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан) тухайгаа нотлох, хүсэлт гаргагч нь тухайн жолоочийн үнэмлэх олгосон гадаад улс буюу Монгол Улсын иргэншилтэй бол дээрх нотлох баримтыг шаардахгүй бөгөөд үндэслэлдээ Австри Улсад оршин сууж эхлэхээсээ өмнө тухайн улсаасаа жолоочийн үнэмлэх авсан байсан тухайгаа эргэлзээгүй нотолсон байна.
- Хүсэлт гаргагч Австри Улсад байнга оршин суухаар шилжин ирсэн эсвэл гадаад улсад байх хугацаандаа бүртгэлтэй хэвээр байсан бол,
- Тээврийн хөдөлгөөнд оролцоход ямар нэг эрсдэлгүй тухай эрүүл мэндийн байгууллагын шаардлага хангасан. (хуулийн 8 дугаар зүйл)
- Ажил мэргэжлийн шаардлагаар жолоочийн ур чадвар нотлогдсон. (хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасан)
3а. 23.3-т заасан жолоочийн үнэмлэх олгох хүсэлтэд хавсаргасан гадаад орны эрх бүхий байгууллагаас олгосон жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа дууссан болон хугацаа нь дууссан боловч жолоодох эрхтэйгээ нотолсон тохиолдолд хүсэлт гаргагч, жолоодлогын шалгалт өгөх шаардлагатай. Жолоочийн үнэмлэхний хүчинтэйг нотолсон боловч 23.3-ийн 3-5 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд жолоодлогын шалгалт өгнө.