МОНГОЛ УЛС, ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГ ХООРОНДЫН ХАРИЛЦАА

2025-05-07


Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) бүтэц, зохион байгуулалт

ОУАЭА нь цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих, цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, хамгаалалтын норм, стандарт тогтоох; гишүүн орнуудад заавар, зөвлөмж өгөх; цөмийн технологийг эрчим хүч, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, аж үйлдвэр, уул уурхай, судалгаа шинжилгээний салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 180 гишүүн улстай. Агентлагийн төв байр Австри Улсын Вена хотод, харин салбар бүсүүд Швейцар, АНУ, Канад, Япон Улсад байрладаг. Нийт 6 газар, 26 хэлтэст мэргэжлийн 2500 гаруй ажилтан ажиллаж байна.

ОУАЭА-ийн удирдах дээд байгууллага нь Ерөнхий бага хурал болон Захирагчдын зөвлөл. Ерөнхий бага хурал жил бүрийн 9 дүгээр сард болж, ОУАЭА-ийн төсөв, Захирагчдын зөвлөлийн гишүүд болон бусад удирдах албан тушаалтнуудыг томилодог. Захирагчдын зөвлөл ОУАЭА 35 гишүүн орноос бүрдэх бөгөөд жилд нийт 5 удаа хуралдана.

Захирагчдын зөвлөл нь ОУАЭА санхүүгийн тайлан, төсөв, хөтөлбөрийг боловсруулах, зарцуулалтанд хяналт тавих, Ерөнхий бага хуралд зөвлөмж хүргүүлэх, Агентлагт гишүүнээр элсэх өргөдлийг хэлэлцэх болон гишүүн орнуудын хүсэлтээр олон улсын цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, баталгааны асуудлыг хэлэлцэнэ.

ОУАЭА ба Монгол Улсын хамтын ажиллагаа

Монгол Улс 1973 онд ОУАЭА-т 105 дахь гишүүнээр элссэн. Монгол Улс 1985-1987, 2009-2011, 2019-2021 онд тус тус ОУАЭА-ийн Захирагчдын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласны зэрэгцээ 2008 оны Ерөнхий бага хурлын дэд дарга, 2010 оны Ерөнхий бага хурлын даргаар ажиллаж байсан. Манай улс 2010-2011, 2017 оноос хойш өнөөг хүртэл ОУАЭА-ийн Алс Дорнодын бүлгийн даргаар ажиллаж байна.

Техникийн хамтын ажиллагаа

Монгол Улс 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. Тус хөтөлбөрөөр дамжуулан цөмийн физикийн хэрэглээний судалгаа, боловсруулалтын үйл ажиллагааг хөгжүүлэх, салбарын судлаач, мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах, цөмийн техник, технологийг судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл хэрэглээний бүхий л салбарт нэвтрүүлэх бодлого боловсруулж, амжилттай хэрэгжүүлж ирсэн.

1975-2021 онд манай улс Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, геологи, уул уурхай, аж үйлдвэр, байгаль орчин, цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, боловсрол, шинжлэх ухааны салбарт цөмийн технологи нэвтрүүлэх чиглэлээр нийт 92 үндэсний төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Засгийн газар, ОУАЭА хооронд 2022 онд “Техникийн хамтын ажиллагааны хүрээ 2022-2027” баримт бичгийг байгуулж, амжилттай хэрэгжүүлж байна.