МОНГОЛ УЛС, ЦӨМИЙН ТУРШИЛТЫГ БҮРЭН ХОРИГЛОХ ГЭРЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ХАРИЛЦАА

2025-05-07


Монгол Улс нь Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ (ЦТБХГ)-ний зорилго, ач холбогдлыг бүрэн дэмжин 1996 онд гарын үсэг зурж, 1997 онд соёрхон баталсан.

ЦТБХГ-ний байгууллага (ЦТБХГБ)-ын Бэлтгэл комиссын Нарийн бичгийн дарга нарын газар 1997 онд Вена дахь НҮБ-ын салбар төвд байгуулагдсан. Цөмийн зэвсгээс ангид статустай манай улсын хувьд цөмийн зэвсгийг хураах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх хүчин чармайлтыг тууштай дэмжиж, өөрийн хувь нэмрийг оруулахыг эрмэлзэж ирсэн.

Хамтын ажиллагааны чиглэл:

ЦТБХГБ нь байгуулагдсан цагаасаа эхлэн олон улс дахь цөмийн туршилтын хяналтын системийг бий болгох зорилтыг тавьж, эдүгээ дэлхий дахинд 347 хяналтын станц, лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр нь цөмийн туршилтаас үүдсэн газар хөдлөлт, агаарт тархах нэл авиа, далай тэнгист тархах дуу авиа, агаар дахь цацрагийн тархалтыг хэмжих үүрэгтэй. 

Манай улсын хувьд 2000-2006 онд газар хөдлөлт бүртгэх PS-25, Нэл авианы IS-34, Цацрагийн тархалтыг хэмжих RN-45 ба RNX-45 станцуудыг Улаанбаатар хотоос баруун урагш 50 орчим км зайд байгуулж, өдгөө ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн тусламжтайгаар станцуудын хэвийн үйл ажиллагааг хангаж байна.

ЦТБХГБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нар Монгол Улсад 2000, 2024 онд тус тус айлчлал хийж, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж ирсэн.