“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр” хэлэлцээрийг Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр үзэглэсэн.
2026-10-20
Тус хэлэлцээр 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байна.
Хэлэлцээрийн дагуу хоёр улсад шимтгэл төлсөн хугацааг шаардлагатай тохиолдолд нэгтгэн тооцож тэтгэвэр авах эрх үүсгэх, ингэхдээ улс тус бүр хууль тогтоомжийнхоо дагуу ажилласан хугацаанд ногдох тэтгэврийг тооцож олгох зохицуулалтыг тусгаснаараа чухал ач холбогдолтой.
Хэлэлцээртэй холбоотойгоор иргэдээс олон тооны хүсэлт, асуулт ирж буйтай холбогдуулан тус ЭСЯ Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр мэдээллийн цахим арга хэмжээг зохион байгуулсан. Уг арга хэмжээний үеэр болон цахимаар ирүүлсэн асуултуудыг агуулгаар нь нэгтгэн Нийгмийн даатгалын Ерөнхий газраас холбогдох хариултыг авч та бүхэнд хүргүүлж байна.
- Хоёр улсад ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хэрхэн харилцан тооцох вэ? Хугацаагаа нэгтгэхгүйгээр хоёр улсаас тус тусад нь тэтгэвэр авах боломжтой юу?
Хэлэлцээрийн дагуу хоёр улсад шимтгэл төлж ажилласан хугацааг тухайн улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр авах эрх үүсгэхэд шаардлагатай тохиолдолд нэгтгэн тооцох боломжтой. Ингэхдээ хоёр улсад давхацсан хугацааг давхардуулан тооцохгүй.
Хэрэв иргэн тухайн улсын хууль тогтоомжид заасан шимтгэл төлж ажилласан хугацаа болон бусад нөхцөлийг хангасан бол хугацаагаа нэгтгэхгүйгээр тухайн улсаас тэтгэвэр тогтоолгох боломжтой. Харин нэг улсад шимтгэл төлж ажилласан хугацаа дангаараа тэтгэвэр авах эрх үүсгэхэд хүрэлцэхгүй бол нөгөө улсад даатгуулсан хугацааг оруулан тооцох боломжтой.
Хугацаа нэгтгэх нь нийгмийн даатгалын шимтгэлийг нэг улсаас нөгөө улс руу шилжүүлэх, эсхүл нэг улсын бүртгэлээс хасах үйл явц биш юм. Улс бүр өөрийн хууль тогтоомж, шимтгэл төлж ажилласан хугацааны бүртгэл болон хэлэлцээрийн холбогдох зохицуулалтад үндэслэн өөрийн хариуцах тэтгэврийг тогтоож олгоно.
- Хугацааг нэгтгэсний дараа хоёр улсаас зэрэг тэтгэвэр авах уу? Тэтгэврийн хэмжээ нэмэгдэх үү? Өмнө тогтоолгосон тэтгэвэрт өөрчлөлт орох уу?
Хоёр улсад тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд улс тус бүрээс тэтгэвэр авах боломжтой. Гэхдээ хоёр улсын тэтгэврийн нас, шимтгэл төлж ажилласан хугацаа болон бусад нөхцөл нь ялгаатай тул тэтгэвэр тогтоох хугацаа, олгож эхлэх өдөр заавал ижил байх боломжгүй.
Шимтгэл төлж, ажилласан хугацааг нэгтгэснээр тэтгэвэр авах эрх үүсэх боломж нэмэгдэх боловч тэтгэврийн хэмжээ шууд өсөхгүй. Хэлэлцээрийн дагуу улс бүр өөрийн хууль тогтоомжид нийцүүлэн хариуцах тэтгэврийн хэмжээг тооцно. Тухайлбал, Монгол Улсаас олгох тэтгэврийн шимтгэл төлж ажилласан хугацааг нэгтгэсэн тохиолдолд Монгол Улсад шимтгэл төлж ажилласан хугацааны нийт хугацаанд ноогдох хэмжээ болон холбогдох хуульд заасан тооцоололд үндэслэн тогтооно.
Хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Монгол Улсад тэтгэвэр тогтоолгосон иргэд Австри Улсаас тэтгэвэр авах эрх, нөхцөлийг хангасан тохиолдолд тухайн улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
- Монгол Улсад сайн дурын даатгал, хүүхэд асарсан хугацаа болон бусад тэтгэмж авсан хугацааг Австри Улсад тэтгэвэр тогтоолгоход тооцох уу?
Монгол Улсад сайн дурын даатгалд хамрагдсан хугацаа, хүүхдээ асрах чөлөөтэй хугацаа, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу тооцохыг Монгол Улсын эрх бүхий байгууллага баталгаажуулж, Австрийн эрх бүхий байгууллагад хүргүүлснээр шимтгэл төлж ажилласан хугацааг нэгтгэн тооцох боломжтой юм.
- Иргэншлээ өөрчилсөн, Монгол Улсад буцаж суурьшсан, эсхүл Австри Улсаас өөр улсад ажилласан иргэдийн тэтгэврийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Монгол Улсын иргэн Австри Улсын иргэн болсон, эсхүл Австри Улсын иргэн Монгол Улсад өмнө нь ажиллаж байсан тохиолдолд иргэншил өөрчлөгдсөн гэх шалтгаанаар шимтгэл төлж ажилласан хугацаа хүчингүй болохгүй.
Австри Улсад тэтгэвэр тогтоолгосон иргэн Монгол Улсад буцаж суурьшихад тэтгэврээ үргэлжлүүлэн авах боломжтой. Тэтгэвэр авагч хаяг, банкны мэдээлэл болон бусад шаардлагатай мэдээллийн өөрчлөлтөө тэтгэвэр олгож байгаа улсдаа мэдэгдэж, Монгол Улсад шилжүүлэн авах нөхцөлийг урьдчилан тодруулах нь зүйтэй.
Харин Чех, Унгар зэрэг гуравдагч улсад шимтгэл төлж ажилласан хугацааг Австри Улсын тэтгэврийн тооцоололд оруулан тооцох асуудал нь Европын Холбооны холбогдох зохицуулалтаар шийдвэрлэгдэж болох боловч уг хугацааг Монгол Улсад тэтгэврийн эрх үүсгэхэд нэгтгэн тооцно гэсэн үг биш юм.
- Монгол Улсад ажилласан хугацаа, архивын баримт дутуу байх, даатгалын мэдээлэл солилцох асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Иргэний Монгол Улсад ажилласан хугацаа нийгмийн даатгалын цахим системд ороогүй тохиолдолд хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, тушаалын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргийг үндэслэн тухайн хугацааг баталгаажуулах хүсэлт гаргаж болно.
Монгол Улсын эрх бүхий байгууллага хэлэлцээрийн дагуу шимтгэл төлж, ажилласан хугацааг баталгаажуулж Австри Улсын эрх бүхий байгууллагатай мэдээлэл солилцоно.
Тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргахдаа иргэн нөгөө улсад шимтгэл төлж ажилласан хугацаатай гэдгээ мэдэгдэх нь чухал. Хэлэлцээрт нэг улсад гаргасан тэтгэврийн хүсэлтийг нөгөө улсад дамжуулах, мэдээлэл солилцох ажиллагааг холбогдох журмын дагуу хэрэгжүүлнэ.
- Тэтгэвэр тогтоолгоход ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана хандах, хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
Иргэн тэтгэвэр тогтоолгохдоо Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар эсхүл Австри Улсын эрх бүхий даатгалын байгууллагад хандаж, хоёр улсад шимтгэл төлж ажилласан хугацаатай гэдгээ мэдэгдэнэ. Нийгмийн даатгалын ерөнхий газарт гадаад паспорт, иргэний үнэмлэх болон иргэний мэдээлэл, нийгмийн даатгалын дугаар, шимтгэл төлөлтийн лавлагаа, Монгол Улсад болон Австри Улсад ажилласан хугацааг нотлох баримт, хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа болон шаардлагатай бусад баримт, өмнө нь тэтгэвэр тогтоолгосон бол холбогдох шийдвэр, банкны данс, оршин суугаа хаяг болон холбоо барих мэдээлэл, тэтгэврийн төрлөөс шалтгаалан нэмэлт баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай.
Хүсэлтэд хоёр улсад шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхой бичиж, шаардлагатай бол нөгөө улсын эрх бүхий байгууллагаас мэдээлэл гаргуулан авахыг дурдана. Тэтгэврийн эрх үүсэх эсэх, хугацаа нэгтгэх шаардлагатай эсэх, тэтгэврийн хэмжээг ямар журмаар тооцохыг тухайн улсын эрх бүхий байгууллага шалгаж шийдвэрлэнэ.
- Тэтгэврийн нас, хагас өнчин хүүхдийн тэтгэвэр болон тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Монгол Улс болон Австри Улсын тэтгэврийн нас, шимтгэл төлж ажилласан хугацаа болон бусад шаардлага ялгаатай байж болно. Монгол Улсад тэтгэврийн насанд хүрсэн нь Австри Улсад мөн тэтгэврийн насанд хүрсэн байх шаардлагагүй бөгөөд хоёр улс тэтгэврийг өөрийн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Австри Улсаас хагас өнчин хүүхдийн тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр болон бусад тэтгэмжийн хувьд татгалзсан шийдвэрийн үндэслэлийг эхлээд тус улсын эрх бүхий байгууллагаас тодруулах шаардлагатай. Хэрэв шимтгэл төлж ажилласан хугацаа дутсан шалтгаанаар татгалзсан бол хэлэлцээрийн дагуу хугацаа нэгтгэх боломжтой эсэхийг тодруулж болно.
Татгалзсан шийдвэрийг бичгээр авч, гомдол гаргах эрх, хугацааг шалган, шаардлагатай бол холбогдох байгууллагад хандах нь зүйтэй.
Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд хоёр улсын шимтгэл төлж ажилласан хугацааг нэгтгэх нь зөвхөн тэтгэврийн эрх үүсгэхэд чиглэсэн. Шимтгэл төлж ажилласан бүх хугацааг нэг улсын тэтгэврийн тооцоололд бүрэн хэмжээгээр тооцох, шимтгэлийг нэг улсаас нөгөө улс руу шилжүүлэх зохицуулалтгүй.
Иргэд шаардлагатай тохиолдолд хоёр улсын эрх бүхий байгууллагад хандан шимтгэл төлж ажилласан хугацаа, тэтгэвэр авах эрх болон тэтгэврийн тооцооллыг албан ёсоор баталгаажуулахыг зөвлөж байна.
--ооОоо--