ЦӨМИЙН ТУРШИЛТЫГ БҮРЭН ХОРИГЛОХ ГЭРЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТОВЧ ЛАВЛАХ

2022-11-13


Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний тухай

Гэрээ байгуулсан он сар өдөр: 1996 оны 9 дүгээр сарын 10-нд хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 50 дугаар чуулганы тусгай хуралдаанаас баталсан.

Гэрээний зорилго: Цөмийн зэвсэг бүхий л хэлбэрээр тархах явдлыг зогсоох, цөмийн зэвсгийг хураах, улмаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх явдал юм.

Гэрээнд нэгдсэн орсон байдал: 2007 оны 7 дугаар сарын байдлаар 177 улс тус Гэрээнд гарын үсэг зурж, 140 улс Гэрээг соёрхон батлаад байна. Эдүгээ 18 улс Гэрээнд нэгдэж орооогүй үлдээд байгаа. Гэрээг хүчин төгөлдөр болгоход гол үүрэгтэй заавал соёрхон батлах ёстой 44 улсаас 34 нь л батлаад байгаа тул Гэрээ хүчин төгөлдөр болоогүй хэвээр байна. (Соёрхон батлаагүй байгаа 10 улс нь: АНУ, БНХАУ, БНАСАУ, Египет, Индонез, Иран, Израиль, Колумб, Пакистан, Энэтхэг юм.) Гэрээг заавал соёрхон батлах ёстой 44 улсын хамгийн сүүлчийн улс батламж жуух бичгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсан өдрөөс хойш 180 хоногийн дараа уг Гэрээ хүчин төгөлдөр болно.

Манай улс нэгдсэн он, сар, өдөр: 1996 оны 10 дугаар сарын 1-нд гарын үсэг зурж, 1997 оны 8 дугаар сарын 8-нд соёрхон баталсан.

Гэрээний байгууллага нь: Гэрээний хэрэгжилтийг хянах, яриа хэлэлцээ өрнүүлэх форумын үүрэг гүйцэтгэх ёстой юм. Гэвч Гэрээ хүчин төгөлдөр болох үйл явц удааширсантай холбогдуулж, 1996 онд Нью-Йорк хотноо болсон ЦТБХГ-нд гарын үсэг зурсан орнуудын бага хурлаар ЦТБХГБ-ын Бэлтгэл комиссыг байгуулахаар тохиролцсон юм. Бэлтгэл комисс нь ЦТБХГ-г хүчин төгөлдөр болгох бэлтгэл ажлыг гүйцэтгэх үүрэгтэй ба Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж, ЦТБХГ-ний Оролцогч талуудын анхны бага хурал зохион явагдсаны дараа уг комисс татан буугдаж, түүнийг ЦТБХГБ орлох болно.

Бэлтгэл комисс нь нэгд, улс орнууд цөмийн туршилтын хориог хэрхэн дагаж байгаа байдалд мониторинг хийх хяналтын дэглэм бий болгох; хоёрт, Гэрээг аль болох түргэн хүчин төгөлдөр болгох үүднээс түүнд гарын үсэг зурах, соёрхон батлах явдлыг хөхиүлэн дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.

Бэлтгэл комисс нь олон улсын байгууллагын статус эдэлдэг бөгөөд Гэрээнд гарын үсэг зурсан улс бүр түүний гишүүн болдог. 2000 оны 6 дугаар сард НҮБ болон ЦТБХГБ-ын Бэлтгэл Комиссын хоорондын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулсан. Бэлтгэл комисс хоёр үндсэн байгууллагатай.

Үүнд: Гэрээнд гарын үсэг зурсан нийт орнуудыг хамарсан хуралдаан ба Техникийн түр нарийн бичгийн дарга нарын газар (ТТНБДГ). Бэлтгэл Комисс 1997 онд байгуулагдсан ба түүний Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ХБНГУ-ын иргэн Вольфганг Хофманн 2005 оны дунд хүртэл ажилласан. 2004 онд дараагийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын сонгууль болж, уг сонгуульд манай улс Гадаад хэргийн сайд асан, элчин сайд Л.Эрдэнэчулууны нэрийг дэвшүүлж оролцсон. Уг сонгуульд Австри ын нэр дэвшигч ялалт байгуулсан хэдий ч, элчин сайд Л.Эрдэнэчулуун сонгуульд амжилттай оролцсон нь манай улсын гадаад нэр хүндийг тус байгууллагын төдийгүй олон улсын бусад байгууллагын хүрээнд өргөхөд зохих үүрэг гүйцэтгэсэн. Бэлтгэл Комисст нийтдээ 250 гаруй хүн ажилладаг бөгөөд зөвхөн Гэрээнд гарын үсэг зурсан орнуудын иргэд ажиллах эрхтэй.

ЦТБХГБ-ын Бэлтгэл Комиссын 2007 оны төсөв 112,5 сая ам.доллар байгаа ба үүний ихэнхи нь олон улсын хяналтын системийн байгууламжийг байгуулахад зарцуулагдаж байна.

 

Олон улсын хяналтын систем: ЦТБХГ-ний хэрэгжилтийг олон улсын хяналтын систем байгуулж хянахаар Гэрээнд заасан юм. Хяналтын систем байгуулах нийт ажлын 75 хувийг эдүгээ хангаад байна. Эдүгээ олон улсын хяналтын системд 337 станц хамрагдаж байгаа бөгөөд тэдгээрт цөмийн туршилтаас үүдсэн газар хөдлөлтийг хэмжих, нэл авиаг тодорхойлох, далай тэнгисийн усан дахь дуу авиаг хэмжих - гидроакустикийн, агаар дахь цацрагийн тархалтыг судлах - радинуклидийн станцууд багтаж байна. Хяналтын станцуудын цуглуулсан мэдээллийг Вена дахь Олон улсын мэдээлллийн төвд боловсруулж, Гэрээнд оролцогч орнуудад тодорхой хугацаагаар түгээж байх учиртай.

Хоёр талын хамтын ажиллагааны тухай

Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын Бэлтгэл комиссын /ЦТБХГБ/-ын Техникийн түр нарийн бичгийн дарга нарын газар /ТТНБДГ/ 1997 онд Вена дахь Олон улсын төвд байгуулагдсан цагаасаа эхлэн цөмийн туршилтыг хянах станцыг Монгол улсын нутаг дээр байгуулах, станцын цуглуулсан өгөгдэхүүнийг боловсруулах, Олон улсын мэдээллийн төвд дамжуулах талаар манай улсын холбогдох байгууллага тухайлбал, ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны төвтэй хамтран ажиллаж ирэв.

ЦТБХГБ-ын Бэлтгэл комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга В.Хофманн 2000 оны 6 дугаар сарын 3-6-нд Монгол Улсад айлчлах үеэрээ Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний олон улсын хяналтын байгууламж болон түүнийг гэрчилгээжүүлсний дараахь үйл ажиллагааны тухай Монгол Улс, ЦТБХГБ-ын Бэлтгэл комисын хооронд байгуулсан хэлэлцээрт гарын үсэг зурсан ба тус хэлэлцээрийг 2002 онд УИХ-аар соёрхон баталсан юм.

Хоёр тал энэхүү хэлэлцээрийн дагуу Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний Олон улсын хяналтын системийн бүрэлдэхүүн газар хөдлөлтийг бүртгэх бичил сүлжээ станц, нэл авианы бичил сүлжээ станц /инфрасаунд/, радионуклид буюу агаар дахь цацраг идэвхт бодисын хэмжээг тодорхойлох станцыг тус улсын нутаг дэвсгэрт байгуулж, ажиллуулах талаар хамтран ажиллахаар тохирсон болно.

2000 онд станцуудыг байрлуулах газрыг сонгож, мэдээлэл хүлээн авах, дамжуулах тоног төхөөрөмж байрлуулах барилгыг Улаанбаатар хотоос баруун урагш Сонгины ойролцоо, Таван толгой дахь цэргийн ангийн дэргэд барьсан ба түүнийг 2000 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулсан. 2002 оны 11 дүгээр сарын 19-нд манай гурван станц /Радионуклидийн станц RN-45, Чичирхийллийн станц PS-25, Нэл авианы станц IS-34/ - ын албан ёсны нээлтийн ажиллагаа болсон. Одоогийн байдлаар Радионуклидийн RN-45, Нэл авианы IS-34 Чичирхийллийн станц PS-25 станцуудыг гэрчилгээжүүлэх ажил хийгдсэн. Гэрчилгээжсэн станцын үйл ажиллагааны зардлыг ЦТБХГБ хариуцдаг учир чингэх нь санхүү мөнгөний талаас ач холбогдолтой юм.

Агаар мандал дах цацраг идэвхит элэментүүдийг бүртгэх зорилго бүхий SPALAX (Systeme de Prelevement d’air Automatique en Ligne avec l’Analyse des radioXenons) станцыг 2006 оны 5 дугаар сард байгуулсан. Энэхүү станцыг Франц улсын Цөмийн Энергийн Комисс болон ESA байгууллагатай хамтран байгуулсан. Ер нь манай улсад ажиллаж байгаа бүх станцыг Францын байгууллага, мэргэжилтнүүд байгуулж өгсөн болно.

Монгол Улсад олон улсын хяналтын системийн станц байгуулах нь цөмийн зэвсэггүй статусаа зарласан манай улсын хувьд улс төр, мөн шинжлэх ухааны ихээхэн ач холбогдолтой юм. Станцуудын мэдээллийг манай шинжлэх ухааны байгууллагууд газар хөдлөлтийн судалгаа болон бусад судалгаанд бүрэн ашиглах боломжтой бөгөөд орчин үеийн техник, тоног төхөөрөмжтэй танилцаж, ажиллах боломжийг олгож байна.

Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг зэргийг урьдчилан тооцоход дээрхи олон улсын хяналтын систем чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн мэргэжилтнүүд үздэг бөгөөд иргэний болон шинжлэх ухааны энэхүү ач тусыг Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай Гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш улс орнууд хүртэх боломжтой юм. Харамсалтай нь Гэрээ хүчин төгөлдөр болоогүй өнөөгийн нөхцөлд олон улсын хяналтын системээс боловсруулан гаргаж байгаа мэдээллийг ашиглах боломжгүй бөгөөд зарим улс орон үүнийг Гэрээний заалттай холбон зөвтгөж ирсэн. Манай улсын хувьд Гэрээг хүчин төгөлдөр болохоос нь өмнө Бэлтгэл комисоос хийж буй ажлыг иргэний болон шинжлэх ухааны салбарт ашиглаж байхын төлөө санал гаргаж ирсэн болно.