Төрсний бүртгэл
2022-11-13
Австри Улсад байнга оршин суугаа Монгол Улсын харъяат иргэдээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал: Төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараах бичиг баримтыг эх хувиар авч ирнэ.
1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг Мэдүүлэг татаж авах,
2. Эцэг, эхээс ЭСЯ-нд хандаж гаргах өргөдөл (Сайтар танилцаж үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх, өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн Австри Улсад амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна)
- Гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс гаргах өргөдлийн маягт
- Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх өргөдлийн маягт
- Хүүхдийг эхээр нь овоглоход гаргах өргөдлийг бөглөх маягт
3. Эцэг эхийн иргэний үнэмлэх
4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ (Монгол Улсын хуулиар бүртгүүлсэн гэрлэлтийн гэрчилгээ)
5. Хүүхэд Австри Улсад төрснийг гэрчилсэн бичиг баримт, түүний хуулбар (Geburtsurkunde/ Birth certificate)
6. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр (Mutter-Kind-Pass)
7. Үйлчилгээний хураамж шилжүүлсэн баримт (Үйлчилгээний хураамж цэснээс харна уу)
Тайлбар:
Хэрэв хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй бол, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын (хүүхдийн эцэг гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр) шийдвэргүй бол хүүхдийг эхийн нэрээр овоглож бүртгэх болно. Эцэг, эхийн аль алиных нь хүсэлтийг харгалзан хүүхдийг эхээр нь, эсхүл эцгээр нь овоглохыг шийдвэрлэдэг журамтай. Иймд гэрлэлтийн баталгаа чухал болохыг анхаарах нь зүйтэй.
Элчин сайдын яам шинэ төрсөн хүүхдийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгосныг бүртгэх ИУБ-11 маягт /Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 326 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан маягтыг хэлнэ/-ыг дээрх бүрдүүлж өгсөн баримт бичгийн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр шинэ төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэний бүртгэлд албан ёсоор бүртгэн баталгаажуулдаг журамтай.