Итгэмжлэл олгох

2022-11-13


Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд 2022.12.01-ний өдрөөс хилийн чанадад суугаа Элчин сайдын яамд Цахим итгэмжлэлийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Иргэн Та дараахь холбоосоор нэвтрэн бүртгүүлж, итгэмжлэлийн маягтыг бөглөсний дараа тус Элчин сайдын яаманд биечлэн ирж, баталгаажуулна уу. E.Notary бүртгүүлэх холбоос

Нотариатын системээр гэрчлэгдсэн итгэмжлэлийг Монголд байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт ойр дурын аймаг, нийслэл, дүүрэгт байрших нотариатын үйлчилгээний газраас авах боломжтой. Итгэмжлэлийг хүлээн авахдаа итгэмжлэлийн баруун доор байрлах 12 орон тоотой кодоор шүүлгэн авна.

Доорхи бичиг баримтыг бүрдүүлэн иргэн Та тус Элчин сайдын яамны утсаар урьдчилан цаг авч, биечлэн ирж итгэмжлэлээ баталгаажуулна. 

Бүрдүүлэх материал:

  1. Монгол Улсын иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт.

  2. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хоёр талын зураг.

  3. 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн гадаад паспорт, төрсний гэрчилгээ.

  4. Аливаа хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол тухайн хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ.

  5. Үйлчилгээний хураамж төлсөн баримт (Үйлчилгээний хураамж цэснээс харна уу).

 

Зөвлөгөө:

  • Итгэмжлэлийг зөвхөн кирилл үсгээр бичнэ.

  • Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 3 хүртэлх жил байж болно.

  • Итгэмжлэлд төлөөлүүлэгч, төлөөлөгч нарын ургийн овог, регистрийн дугаар, утасны дугаар зэргийг кирилл үсгээр зөв бичсэн байна.

  • Таны итгэмжлэл ажлын 1 өдрийн дотор Нотариатын системд бүртгэгдэж, Монголд хүргэгдэнэ.

  • Итгэмжлэлийн зүүн доор буланд байрлах 12 орон тоотой кодоор итгэмжлэлийг авах тул гэрчлүүлсэн итгэмжлэлийг кодыг төлөөлөгчдөө өгөх шаарлагатай.

  • Итгэмжлэл олгох иргэн өөрийн биеэр ирж, хувийн байдлаа тогтоолгох, иргэний бичиг баримтын бүрэн байдлыг хангах үүрэгтэй.

  • Итгэмжлэлийг цахим шуудан, илгээмжээр хүлээн авахгүй.

 

АНХААРАХ ЗҮЙЛС:

Итгэлцэл. Та өөрөө биечлэн гүйцэтгэх боломжгүй тодорхой үйлдлийг бусдаар дамжуулан гүйцэтгүүлэхийн тулд бусдад итгэлцлийн үндсэн дээр итгэмжлэл олгодог.
 

Үр дагавар. Та өөрийн үл хөдлөх хөрөнгө, байр орон сууц болон бүх төрлийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөө захиран зарцуулах эрхийг бусдад олгосон тухай итгэмжлэл үйлдэхээсээ өмнө хожмын үр дагавар ямар байж болохыг эргэцүүлж, эргэлзээ шаардлага бий бол мэргэжлийн хуульчаас урьдчилж зөвлөгөө авахыг зөвлөе. Ингэх нь зарим тохиолдолд таны эд хөрөнгө, цаг завыг хэмнэх ач холбогдолтой гэдгийг анхаарна уу.
 

Чадамж, туршлага. Таны хүссэн ажил, үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зохицуулж, хэрэгжүүлэх Таныг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч тань эрүүл мэнд, боловсрол, бичиг үсгийн чадвар, чадавхи, туршлагатай бөгөөд цаг зав нь тохиромжтой эсэхийг урьдчилж сайтар тунгаана уу. Тухайлбал, ахмад настай хүнийг ачаалал, дараалал ихтэй үйлчилгээний байгууллага эсхүл хууль, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх ажилд итгэмжилснээс заримдаа чирэгдэл үүсгэсэн тохиолдол үе үе илэрч байсныг анхааруулъя.
 

Эрхийн гэрчилгээ. Эд хөрөнгө захиран зарцуулах агуулгатай итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэхдээ тухайн эд хөрөнгөтэй холбоотой өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг авч ирнэ үү. Учир нь таны нэр тухайн өмч, хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн цор ганц эсвэл хамтран эзэмшигч эсэхийг нягтлах шаардлага бий болдог. Энэ нь тухайн хөрөнгийн хууль ёсны бусад өмчлөгчдийн зөвшөөрөл шаардагдахыг нотлох зэрэг эрх зүйн шинжтэй олон асуудал, үр дагавар үүсэж, хөндөгдөж болзошгүй байдагтай холбоотой.

 

 Банкны  болон үйлчилгээний компанид бүртгэлтэй данс. Та банкны болон үүрэн холбооны оператор компанид бүртгэгдсэн данс, утасны дугаарын эзэмших эрхтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэхээр ЭСЯ-нд хүрэлцэн ирэхээсээ өмнө тухайн үйлчилгээний байгууллагатай цахим болон бусад хэлбэрээр урьдчилж холбогдон сайтар тодруулга хийнэ үү. Энэ нь тэдгээр тодорхой үйлчилгээний байгууллагаас тавьдаг зохих шаардлагын дагуу итгэмжлэлээ бичихэд тань дөхөм болж, таны цаг завыг хэмнэх ач холбогдолтой.
 

Хууль, шүүхийн байгууллагад хандсан итгэмжлэл. Хуулийн болон шүүхийн байгууллагаар эрхээ хамгаалуулах итгэмжлэл гэрчлүүлэхийн өмнө та заавал мэргэжлийн өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, итгэмжлэлийн шаардлага хангасан төслийг мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөр бичүүлсэн байх шаардлагатай.
 

Итгэмжлэлийн маягт бөглөх. Маягтыг зөвхөн Монгол Улсын төрийн албан ёсны хэл Монгол хэлээр бөглөнө. Та өөрийн хүссэн зохих итгэмжлэлийн маягт бөглөхдөө ХАЯГ гэсэн хэсэгт одоо амьдарч байгаа /иргэний үнэмлэхэд бүртгэлтэй, хаягийн шилжилт хөдөлгөөн хийсэн бол нотлох бичиг/ газрын хаягийг холбоо барих утас, цахим шуудангийн хаягийн хамт бичнэ үү.
Иргэд нотариат, консулын үйлчилгээ авахдаа Монгол Улсын иргэний үнэмлэх мөн Үндэсний гадаад паспорттой ирэх ёстой.

 

ӨРГӨДӨЛ ГЭРЧЛҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС:

Нотариатын зарим үйлдэл, үйлчилгээ Таны өөрийн өргөдөл бүрдүүлсэн байхыг зайлшгүй шаардах тохиолдол бий. Энэ нь зүй ёсны шаардлага юм. Учир нь дан ганц итгэмжлэлийн үндсэн дээр хэн нэгэн этгээд Таны өмнөөс Таны гэрлэлтийг цуцлуулах, эсхүл Таны болон үр хүүхдийн тань нэр, овгийг өөрчлөх зэрэг үйлдлийг хийх нь зүй бус явдал мөн. Хүүхдийн овгийн нэрийг өөрчлүүлэх тохиолдлоор жишээ авахад, энэ тухай өргөдлийг хүүхдийн эхээс гадна өөрөөрөө овоглуулах хүсэлт гаргагч этгээд мөн бичих шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд өргөдлөө Та өөрийн биеэр хүрэлцэн ирж нотариатаар гэрчлүүлнэ.

Хэрэв та өөрийн өргөдлийг бичихдээ үг, үсгийн болон дүрмийн алдаа хийхээс санаа зовж байвал дараах цахим холбоосоор нэвтэрч http://spellcheck.gov.mn/ Монгол хэлний дүрэм шалгагчийг ямар нэгэн үнэ, төлбөргүй ашиглахыг санал болгоё. Ямар ч тохиолдолд Өргөдөл бичихдээ мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс урьдчилж зөвлөгөө авах зүйтэй бөгөөд зарим тохиолдолд Таны цаг завыг ихээхэн хэмнэж болохыг зөвлөе. 

Бүртгүүлэх заавар

  1. Цахим хөтөчийн тусламжтайгаар https://e.notary.mn/consul/login цахим хаягт бүртгүүлнэ.

  1. Цахим шуудангаар ирсэн нууц үгээр нэвтрэх.

  1. Итгэмжлэлийн маягтыг сонгож мэдээллийг бичиж оруулах.

  1. Хянуулах товчийг дарж илгээх.

 

Монголд итгэмжлэлийг авахад шаардлагатай QR кодын байршил

Нийслэл, аймагт байршилтай нотариатын үйлчилгээний газрууд:

https://www.google.com/maps/

Гадаад харилцааны яамны консулын газрын хаяг (2022.11.30-наас өмнөх итгэмжлэл авах тохиолдолд):

https://consul.mn/contact