images

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ СЛОВЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАТАША ПИРЦ МУСАРТ БАРААЛХАВ

Элчин сайдын яамны мэдээ

2023-05-16

607

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд 5 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч хатагтай Наташа Пирц Мусарт бараалхлаа.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс Словени Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв.

Талууд энэ онд Монгол, Словенийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг дурдаж, хоёр талын харилцааг улс төр, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, мэдээллийн технологийн чиглэлээр өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов. Мөн хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн чухлыг талууд онцолж, хоёр талын хамтын ажиллагааг Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар бүхий л талаар дэмжиж ажиллахаа нотлов.

Словени Улсын Ерөнхийлөгч хатагтай Наташа Пирц Мусар хоёр орны харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж, олон улсын тавцанд харилцан дэмжлэг үзүүлэх зэргээр хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл дүүрэн байгаагаа мөн илэрхийлэв.