БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ М.ЦЭНГЭГ ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Х.ШМИД-ЭД
Монгол Улсаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч М.Цэнгэг 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хелга Шмид-эд Итгэмжлэх захидлаа барив.
Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн улсын хувьд байгууллагын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, ЕАБХАБ-ын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл, тэр дундаа эдийн засаг, байгаль орчны болон хүний аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа Байнгын төлөөлөгч М.Цэнгэг уулзалтын үеэр онцлов. Мөн түүнчлэн Нарийн бичгийн дарга нарын газарт ажиллах монгол иргэдийн тоог цаашид нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн даргаас хүсэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Хелга Шмид Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш хүний эрхийг хамгаалах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, хил хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.