БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ М.ЦЭНГЭГ НҮБ-ЫН ВЕНА ДАХЬ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ.
Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь төвийн дэргэд суух Байнгын төлөөлөгч М.Цэнгэг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр НҮБ-ын Вена дахь төвийн Ерөнхий захирал бөгөөд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захирал Гада Вали-д Итгэмжлэх захидлаа барив.
Байнгын төлөөлөгч М.Цэнгэг “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх олон улсын иж бүрэн конвенц”-ийг боловсруулах Засгийн газар хоорондын Тусгай хорооны үйл ажиллагаа, “Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн НҮБ-ын конвенц болон түүний нэмэлт протоколуудын хэрэгжилтийг хянах механизм” зэрэг МБГХТА-ны үйл ажиллагаанд Монгол Улс үргэлжлүүлэн идэвхтэй оролцохоо илэрхийлэв.
Гүйцэтгэх захирал Гада Вали МБГХТА-ны хэрэгжүүлж буй олон улсын санаачилга, хөтөлбөрийн хүрээнд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, олон улсын донор байгууллагуудаас хамтран санхүүжилт эрэлхийлэх боломжтой талаар танилцууллаа.
Түүнчлэн Байнгын төлөөлөгч М.Цэнгэг, Гүйцэтгэх захирал Гада Вали нар Монгол Улс, НҮБ-ын МБГХТА-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг авлигын болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, терроризм, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа тэмдэглэв.