Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд оролцогч талуудын анхдугаар бага хурал 2022 оны 6 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Вена хотноо болж байна.
Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд оролцогч талуудын анхдугаар бага хурал 2022 оны 6 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Вена хотноо болж байна. Бага хуралд Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд оролцогч 49 улс, ажиглагч 34 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 1100 гаруй төлөөлөгч оролцож байна.
Манай төлөөлөгчдийн тэргүүн, ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд хурлын ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ өнөөгийн олон улсын аюулгүй байдлын орчин улам бүр сорилттой тулгарч, урьдчилан таамаглахад бэрхшээлтэй болж буйг тэмдэглээд, цөмийн зэвсэг, түүнийг ашиглах боломж байсаар байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, тэр дундаа хүн төрөлхтөнд аюул заналхийлэл учруулсан хэвээр байгааг онцлов.
Тэрбээр цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгох зорилтод хүрэх үндсэн гол алхам нь цөмийн зэвсгийг хориглох явдал болохыг, энэ жил Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статусын 30 жилийн ой тохиож буйг, энэхүү санаачилга нь бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах хүчин чармайлтад оруулж буй Монгол Улсын хувь нэмэр болохыг онцлон тэмдэглэв.
Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэгдэн орсон бөгөөд 2022 оны 6 дугаар сарын байдлаар гэрээнд дэлхийн 86 улс гарын үсэг зурж, 65 улс соёрхон батлаад байна.