ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахорт Итгэмжлэх жуух бичгээ барив.
Ерөнхийлөгч Борут Пахор Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, олон улсад өрнөж буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд М.Цэнгэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд М.Цэнгэг Любляна хотноо ажиллах үеэрээ тус улсын Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх, Гадаад хэргийн яам Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia