МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОУАЭА-ИЙН ЕРӨНХИЙ БАГА ХУРЛЫН ЭЭЛЖИТ 68 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо 2024 оны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн Ерөнхий бага хурлын ээлжит 68 дугаар чуулганд Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна.
Тус чуулганаар Агентлагийн 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, 2025 оны төсөв, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, улс орнуудын хүлээсэн үүргийн биелэлт, цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, техникийн хамтын ажиллагаа, цөмийн шинжлэх ухаан, технологийн хэрэглээ зэрэг 27 багц асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хүрээнд цөмийн эрчим хүч, цөмийн аюулгүй байдал, цацрагийн хамгаалалт, цөмийн технологийн хэрэглээний асуудлаар төрөл бүрийн уулзалт, семинар, үзэсгэлэнгээс гадна ОУАЭА-аас санаачилсан “Atoms4Food” хүнсний аюулгүй байдлыг хангах санаачилгын хүрээнд “Сайн хөдөө аж ахуй-Сайхан амьдрал” шинжлэх ухааны форум зохион байгуулагдлаа.
Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн Г.Манлайжав 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг танилцуулж, үг хэллээ.
Төлөөлөгчдийн тэргүүн хэлсэн үгэндээ, Монгол Улс нь ОУАЭА-аас цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээний хэрэгжилт, цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн аюулгүй ажиллагааг сайжруулах, олон улсын энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлт, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад гишүүн орнуудад үзүүлж буй дэмжлэгийг сайшааж, цаашид идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Агентлагийн манай улстай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа тухайлбал, цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглахад үзүүлж буй дэмжлэг нь манай улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж буйг онцолж, 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт цөмийн эрчим хүчний станц барих бодлого хэрэгжүүлж, суурь судалгааг хийхээр туссан талаар мэдээлэв.
Чуулганы үеэр Монгол Улсын төлөөлөгчид ОУАЭА-ийн Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны газар, Цөмийн эрчим хүчний газар, Техникийн хамтын ажиллагааны газартай тус тус уулзаж, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхтэй холбоотой ОУАЭА-аас хэрэгжүүлж арга хэмжээг дэмжихээ нотлохын зэрэгцээ цөмийн эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх, цөмийн орчин үеийн техник технологийг нийгэм-эдийн засгийн салбар тухайлбал, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, эрчим хүч, аж үйлдвэр, геологи, уул уурхай, судалгаа шинжилгээ, хяналтын салбарт нэвтрүүлэх, цацрагийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар санал солилцов.
Монгол Улсын төлөөлөгчид Бүгд Найрамдах Узбекистан Улсын “Узатом” агентлагийн удирдлагатай цөмийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Цөмийн энергийн комисс нь Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн Бүсийн Төвтэй “Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.