images

ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ВЕНИЙН ОЛОН УЛСЫН ФОРУМ НҮБ-ЫН АЖ ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨВД БОЛЛОО

Хэвлэлийн мэдээ

2022-10-12

291

НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO)-ын “Хүнсний аюулгүй байдлын Венийн олон улсын форум” 2022 оны 10-р сарын 3-5-ны өдөр зохион байгуулагдав. Форумд дэлхийн 160 гаруй орны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд манай улсаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл оролцов. Форумаар зайнаас аудит хийх, баталгаажуулах, эрүүл мэндийн цахим гэрчилгээ, хөндлөнгийн баталгаажуулалтын хөтөлбөрүүд зэрэг хүнсний аюулгүй байдлыг хангах орчин үеийн шийдлүүүдийг онцлон танилцуулж хэлэлцэв.
Форумын дараагаар ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Бүс нутаг, суурин төлөөлөгчийн газруудын асуудлыг хариуцсан щахирал Хайме Мол дэ Алба-тай албан уулзалт хийж, хоёр талын хооронд байгуулсан “Стратегийн хамтын ажиллагааны хүрээ”-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах, УИХ-ын 36-р тогтоолоор батлагдсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлуудаас хамтарч хэрэгжүүлэхээр ярилцав.
НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагатай манай улс 1968 оноос хойш түүхэн хамтын ажиллагаатай явж ирсэн бөгөөд 1985 онд тус байгууллагын гишүүн болсон. ХХААХҮЯ-наас НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагатай хамтран 2018-2021 онд Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECIM)” төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд одоо Дэлхийн Банкны санхүүжилттэй "Экспортыг дэмжих төсөл"-ийн хүрээнд манай улсын итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.