images

Нотариатын үйлчилгээний тухай

Хэвлэлийн мэдээ

2025-02-14

132

Монгол Улсаас Австри Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын алба Нотариатын тухай  хууль, Нотариатын үйлдэл хийх зааврын дагуу КОВИД-19 цар тахлын хориг, зорчих хөдөлгөөний хязгаарлалт хүчингүй болсонтой холбогдуулан консулын үйлчилгээг зөвхөн иргэн биечлэн ирэх тохиолдолд үзүүлж байна.

 

Түүнчлэн Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр тус Элчин сайдын яаманд ажиллах үеэрээ Нотариатын тухай хуулийг мөрдөж, биечлэн ирсэн иргэдэд нотариатын үйлчилгээ үзүүлэхийг үүрэг болгосон.

 

Иргэдээс олноор ирж буй хүсэлтийн дагуу итгэмжлэлийг заавал биечлэн үйлдэх ёстой талаар нэмэлт тодруулга авахад Нотариатчдын танхимаас 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр дараахь мэдээлэл ирүүлсэн болно. Үүнд:

 

Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Нотариатч тогтоосон тойрогтоо үйл ажиллагаа эрхлэн явуулах ажлын байртай байх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол нотариатч нотариатын үйлдлийг зөвхөн ажлын байрандаа хийнэ”, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3-д “Үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үйлчлүүлэгч нотариатчийн ажлын байранд ирэх боломжгүй бол нотариатч түүний хүсэлтээр байгаа газарт нь очиж нотариатын үйлдэл хийж болно” гэж зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ” гэж заасныг үндэслэн нотариатчид заавал ажлын байран дээр нотариатын үйлдэл хийх шаардлага тавьж байна.

 

Иймд, тус Элчин сайдын яамны Консулын алба үйл ажиллагаагаа холбогдох хуулийн хүрээнд явуулж байгааг иргэд Та бүхэн ойлгож, хууль дүрмийн дагуу үйлчилгээ авахыг хүсье.

 

Нотариатын үйлдэх хийхэд баримталж буй хууль, заавар

https://legalinfo.mn/mn/detail?lawId=205544

https://legalinfo.mn/mn/detail/400

 

 

Вена дахь ЭСЯ