images

Мансууруулах эмийн комиссын 68 дугаар чуулган 3 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Вена хотноо зохион байгуулагдаж байна

Хэвлэлийн мэдээ

2025-03-10

100

Мансууруулах эмийн комиссын 3 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Вена хотод зохион байгуулагдаж буй 68 дугаар чуулганд манай төлөөлөгчид оролцож байна.

Чуулганыг Энэтхэг Улсын Байнгын төлөөлөгч Шамбу С.Кумаран даргалж, нээлтэд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захирал Г.Ф.Вали, Олон улсын мансууруулах бодисын хяналтын зөвлөлийн Ерөнхийлөгч Жалал Туфик нар оролцож үг хэлэв. Чуулганы үеэр 100 гаруй side event зохион байгуулагдана.

Энэ удаагийн хуралдаанаар 2019 оны Сайд нарын уулзалтаас гаргасан тунхаглалын хэрэгжилт, Мансууруулах эм, бодисын хяналттай холбоотой олон улсын конвенциудын хэрэгжилт, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа ажиллагаа хэрхэн явагдаж буй, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Монгол Улс НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (НҮБ-ын МБГХТА)-тай 1998 оноос эхлэн харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж эхэлсэн. Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх чиглэлээр үндэсний хөтөлбөр, холбогдох хууль боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүх, цагдаа, хүчний байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, лаборатор, тоног төхөөрөмж авах, мэргэжилтэн сургах зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, техникийн туслалцаа авах зэргээр хамтран ажиллаж байна.

Монгол Улс 2001 онд Мансууруулах бодис ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орсон ба НҮБ-ын МБГХТА-тай хамтран ажиллах Үндэсний зөвлөлийг манай улс 2000 онд байгуулж, “Хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газраас батлан ажиллаж байна.