БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКСАНДР ВАН ДЕР БЕЛЛЕН МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргий Дорис Шмидауэрийн хамт Монгол Улсад 2025 оны 05 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр болон дагалдан яваа албаны төлөөлөгчдийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андреас Рийкен болон албаны бусад хүмүүс угтав.
Дашрамд дурдахад уг айлчлал нь Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм.
Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд 05 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор угтаж авав.
Албан ёсны угтах ажиллагааны дараа хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийлээ. Төрийн тэргүүн нар ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан уламжлалт найрсаг харилцааны ололт, амжилтыг бататгаж, харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид дэд бүтэц, нийгэм, хүний хөгжил, эрүүл мэнд, ус, хог хаягдал, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбаруудад хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
Чингэхдээ, Австри Улсын ойн засаглал, уур амьсгалд тэсвэртэй ой мод тарих, ойн менежментийн туршлагад тулгуурлан усны нөөцийг хамгаалах, ойн хомсдол, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, уул уурхай, ашигт малтмал боловсруулалт, эрчим хүч, цахим шилжилт зэрэг чиглэлээр хамтарсан судалгаа хийх, ноу-хау болон технологи нэвтрүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, аялал жуулчлалын бүс нутаг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, уулын болон өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх, боловсрол, сургалт зохион байгуулж, туршлага солилцох талаар дэлгэрэнгүй ярилцаж, тохиролцов.
Цаашлаад олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хамтын хувь нэмрээ оруулахаа нотоллоо.
Түүнчлэн талууд айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх салбар хоорондын дараах чухал суурь баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Үүнд:
- Монгол, Австрийн хамтарсан тунхаглал,
- Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр,
- Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
- Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
- Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Австри Улсын Сангийн яам хоорондын эрмэлзлийн захидал,
- Шинэлэг технологи, уул уурхай, ашигт малтмал, шилдэг туршлагын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Сангийн яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг,
- Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Австри Улсын Шинжлэх ухааны академи хоорондын хэлэлцээр,
- Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Австри Улсын Шинжлэх ухааны академи хоорондын хэлэлцээрийг 2025-2030 онд хэрэгжүүлэх протокол,
- Монгол Улсын Консерватор болон Бүгд Найрамдах Австри Улсын Венийн Хөгжим, урлагийн их сургууль хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг,
- Монгол Улсын “Чингис Хаан” үндэсний музей болон Бүгд Найрамдах Австри Улсын Шинжлэх ухааны академийн Иран судлалын хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг.