МОНГОЛ, АВСТРИЙН БИЗНЕСИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ
Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Александр Ван дер Белленийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран хоёр улсын бизнес эрхлэгчдийн ”Дугуй ширээний бизнес уулзалт”-ыг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Бизнес уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар нээж, оролцов.
Уулзалтад монголын талаас 80 орчим, австрийн эдийн засгийн тэргүүлэх 7 салбарын төлөөлөл болсон 22 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг онцоллоо.
Өндөр аж үйлдвэржсэн, Австрийн бизнес эрхлэгчдийн мэдлэг, туршлага, дэвшилтэт техник, технологи, инновац, хөрөнгө оруулалт стратегийн ач холбогдолтой 14 мега төслийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэгтэйг онцоллоо.
Мөн ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо болох Монгол-Европын холбооны “Бизнес, хөрөнгө оруулалтын форум”-д оролцохыг урилаа.
Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийн хэлхээ холбоо, харилцан ойлголцол улам бэхжихийг хэллээ.
Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт Австри Улс туршлага, ноу-хау, шалгарсан шийдлүүдээ хуваалцахад бэлэн байгааг тэмдэглэв.
Мөн Монгол Улсын эдийн засгийн эрчтэй өсөлт Австрийн илүү олон аж ахуйн нэгжийн сонирхлыг татаж, гүн гүнзгий, тууштай түншлэлийн суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.