images

ОУАЭА-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ БӨГӨӨД БАТАЛГААНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ МАССИМО АПАРО МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ

Хэвлэлийн мэдээ

2025-05-29

56

ОУАЭА-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Баталгааны газрын захирал Массимо Апаро тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд төлөөлөгчдийг Монгол Улсын Цөмийн энергийн комиссын дарга, Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хүлээн авч уулзан Монгол Улс, ОУАЭА хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол Улсын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны системд оруулж буй хувь нэмрийн талаар хэлэлцэв.

Төлөөлөгчид мөн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигтэй уулзалт хийсний зэрэгцээ МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, МУИС-ийн судлаач, оюутнуудад “ОУАЭА-ийн цөмийн баталгааны тогтолцоо, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийн ач холбогдол, хэтийн төлөв” сэдэвт лекцийг уншиж, сонирхсон асуултад хариулан, санал солилцов.

ОУАЭА-ийн Ерөнхий захирлын орлогч Массимо Апарогийн энэхүү айлчлал нь Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж буйг илтгэж, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны чиглэлд ОУАЭА-тай хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэв.