images

ХОРВАТЫН ПАРЛАМЕНТ ДАХЬ ХОРВАТ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН БҮЛГИЙН ГИШҮҮД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Хэвлэлийн мэдээ

2025-06-10

21

Хорватын Парламент дахь Хорват-Монголын найрамдлын бүлгийн дарга П.Штромар тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2025 оны 6 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд айлчилж байна.

Айлчлалын хүрээнд Хорватын парламентын төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа нартай 06 дугаар сарын 10-ны өдөр тус тус уулзав.

Монгол-Хорватын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 30 гаруй жилийн хугацаанд олон салбарт үр дүнтэй хамтын ажиллагаа өрнөж ирснийг дурдаж, энэхүү айлчлал харилцааг  шинэ агуулгаар баяжуулах боломж гэдгийг онцлоод, хоёр улсын хууль тогтоох байгууллагын хоорондын харилцааг өргөжүүлэх, парламентын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, эдийн засаг, соёл, батлан хамгаалах болон залуучуудын солилцооны чиглэлд гүнзгийрүүлэх талаар санал солилцож, ярилцав.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнд 126 гишүүний бүрэлдэхүүнтэй парламент байгуулагдаж, эмэгтэй гишүүдийн тоо 32 болж, парламентын нийт бүрэлдэхүүний 25 хувийг эзэлж байгаа нь Ази тивдээ тэргүүлэгч орны нэг болсныг тэмдэглэв. Түүнчлэн хоёр улс газарзүйн хувьд хол ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хамтран ажиллаж ирснийг дурдав.

Хорватын парламентын бүлгийн дарга П.Штромар Монголын ардчиллыг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим технологийн салбарт хамтран ажиллах, оюутан, судлаач солилцох тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Талууд хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхийн зэрэгцээ парламентын бүлгүүдийн шугамаар туршлага солилцох, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав.