images

“Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийн талаар мэдээлэл өгөх цахим уулзалт зохион байгуулав

Хэвлэлийн мэдээ

2025-10-13

1

Элчин сайдын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран Австри Улсад суугаа монгол иргэдэд “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх цахим уулзалтыг  2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцээрээр иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцуулж, өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсгэх, тухайн улсын хууль тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах харилцааг зохицуулах юм.

Жишээ  1:

 

Монгол Улсын ажил олгогч ажилтнаа 1-60 сарын хугацаанд Бүгд Найрамдах Австри Улсад тодорхой ажил гүйцэтгүүлэхээр томилсон тохиолдолд тухайн ажилтан Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсдаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлнө. Ингэснээр Австри Улсад нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөнө. Харин ажилтан 60 сарын хугацаанд дундаа тасарсан, мөн өмнөх томилгоо дууссанаас хойш нэг жил болоогүй байхад дахин Австри Улсад ажиллахаар томилогдсон тохиолдолд тус улсын нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй.

Жишээ  2:

 

Монгол Улсын иргэн өөрийн улсдаа 12 жил, Австри Улсад 13 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, хоёр улсын тэтгэврийн насанд хүрсэн гэвэл хоёр улсад шимтгэл төлсөн давхардаагүй хугацаагаа нэгтгэн 25 жилээр тооцуулж, тэтгэврийн эрх үүсгэх бөгөөд Монгол Улсаас шимтгэл төлсөн 12 жилд ногдох тэтгэврийг, Австри Улсаас 13 жилд ногдох тэтгэврийг тус тус тогтоолгох авах боломжтой болно.

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр талууд ийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох дотоодын процедурийг дуусгахаар хоёр улсын холбогдох эрх бүхий байгууллагууд ажиллаж байна.