ЭЛЧИН САЙД Д.МӨНХТӨР АВСТРИ УЛСЫН ЕВРОП, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Элчин сайд Д.Мөнхтөр тус улсын Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга Николаус Маршиктай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар салал солилцов. Тухайлбал, эдийн засгийн харилцааг өргөжүүлж, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог сайжруулах чиглэлээр болон уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин, боловсрол, соёлын салбарт хийгдэж ажлуудын явцын талаар ярилцлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр орны харилцаа өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, 2025 онд Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александер Ван дэр Беллэн Монгол Улсад хийсэн айлчлал түүхэн ач холбогдолтой болсныг онцолж, НҮБ болон бусад Олон улсын байгууллагын хүрээнд харилцан дэмжиж ажиллахаа нотлов.
Элчин сайд Д.Мөнхтөр Австри Улсад оршин сууж, зорчиж буй монгол иргэдэд тулгардаг зарим бэрхшээлийн талаар мэдээлэл өгч, бичиг баримтын баталгаажуулалт, консулын үйлчилгээг иргэдэд ойр, хялбар байлгах боломжийг бүрдүүлэхэд Австрийн ГХЯ-наас анхаарч ажиллахыг хүсэв.