БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.МӨНХТӨР ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ФЕРИДУН Х.СИНИРЛИОЛУД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ
Монгол Улсаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Феридун Х.Синирлиолу-д Итгэмжлэх захидлаа барив.
Монгол Улс ЕАБХАБ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр онцолж, тус байгууллагын үнэт зүйл, үндсэн зарчим, үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Мөн Монгол, ЕАБХАБ-ын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, аюулгүй байдал, бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, хүрээлэн буй орчин, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг ЕАБХАБ-ын гурван хэмжигдэхүүний хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа тэмдэглэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Феридун Х.Синирлиолу Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсноос хойш хүний эрхийг хамгаалах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэхэд дэмжин ажиллах болно гэв.