ВАРШАВ ХОТНОО ХҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААР ЧУУЛЖ БАЙНА
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хүний аюулгүй байдлын хэмжигдэхүүний 2026 оны бага хурал Варшав хотноо эхэллээ. Бага хурлаар хүний эрх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн тулгамдсан асуудлууд, ардчиллыг бэхжүүлэх, хууль дээдлэх ёс, жендэрийн тэгш байдлыг хангах зэрэг 10 гаруй сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. Энэ удаагийн бага хуралд ЕАБХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын төлөөлөгчид болон иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагаас нийт 1900 орчим төлөөлөгч оролцож, албан ёсны уулзалт, хэлэлцээний зэрэгцээ дугуй ширээний ярилцлага, дагалдах арга хэмжээнүүд зохиогдож байна.
Манай улсаас ЕАБХАБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр, Варшав дахь ЭСЯ болон Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгчид оролцож байна. Байнгын төлөөлөгч бага хурлын Нээлтийн нэгдсэн хуралдааны үеэр үг хэлж, Монгол Улс, ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар, болон үндэстний цөөнх, хэвлэлийн эрх чөлөө, хүн худалдаалахтай тэмцэх асуудал хариуцсан байгууллагуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, үр дүнгийн талаар танилцууллаа.