images

АВСТРИ УЛСЫН ШӨӨНБРУНН-Ы АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Хэвлэлийн мэдээ

2026-10-16

17

Вена дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас холгүй Шөөнбрунны амьтны хүрээлэн (Tiergarten Schönbrunn) байрладаг. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй Австрийн Хааны ордны цогцолборын нэг хэсэг болсон уг хүрээлэн 1752 онд байгуулагджээ. Одоо идэвхтэй ажиллаж буй амьтны хүрээлэнгүүд дундаа “дэлхийн хамгийн эртнийх” гэдэг тодотголтой энэ газрыг жил бүр 2 сая хүн үзэж сонирхдог. Хааны ордон, цэцэрлэгт хүрээлэн зэрэг бусад байгууламжийг оролцуулбал энэ тоо 5 сая гарна (2025).  

  

Элчин сайд Д.Мөнхтөр тус хүрээлэнгийн захирал Др. Штефан Хэринг-Хагенбэктэй уулзав. Тэрээр байгаль орчин, ан амьтан хамгаалах, өсгөх чиглэлээр олон жил ажилласан туршлагатай бөгөөд 20 гаруй жилийн өмнө Монголд зочилж, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийг өргөтгөх олон улсын судалгааны багт ажиллаж байснаа дурслаа.  

Элчин сайд, ноён Хэринг-Хагенбэк нар байгаль орчин, ан амьтдыг хамгаалах чиглэлд хоёр орны харилцааг идэвхжүүлэх боломжуудын талаар ярилцлаа. Түүнчлэн ирэх онд тус хүрээлэн 275 жилийн ойгоо тэмдэглэх арга хэмжээний үеэр Монгол Улс, нүүдэлчдийн соёл, өв уламжлалаас танилцуулж оролцохоор тохиролцов.