“ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АВСТРИ УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНУУД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2026 оны хичээлийн жилээс Австри улсад суралцах хоёр дахь ээлжийн 6 оюутан хүрэлцэн ирлээ. Эдгээр оюутан Леобений их сургуульд уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр суралцана. Леобен хотноо байрлах Монтаны техникийн сургууль буюу Уул уурхайн их сургууль нь 1840 онд байгуулагдсан, ашигт малтмалын боловсруулалт, металлург, газрын тос, эрчим хүч, аж үйлдвэрийн техник, технологийн мэргэжилтнүүдийг бэлддэг.
Элчин сайд Д.Мөнхтөр Вена хотноо оюутнуудыг хүлээн авч уулзан, сонгосон мэргэжлээрээ амжилттай суралцаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ суугаа улсынхаа хэл, соёл, түүхийг судалж, ирээдүйд хоёр орны харилцааг улам бэхжүүлэх “гүүр” байгаарай хэмээн захилаа.
Тэднийг Леобен хотноо очиход их сургуулийн захиргаа, “Илгээлт 2100” хөтөлбөрийн эхний ээлжийн оюутнуудын төлөөлөл угтан авч, сургуулийн орчин, амьдрах дотуур байр, сургалтын хөтөлбөрийн талаар танилцууллаа.
Эрдмийн их аянаа эхлүүлж нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.