images

ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Хэвлэлийн мэдээ

2024-05-16

315

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх 10 сая еврогийн өртөг бүхий “Хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээ байгуулах төсөл”-ийн Экспортын зээлийн гэрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд М.Цэнгэг, Австрийн ЮниКредит банкны Экспортын санхүүгийн газрын дарга Георг Карнер болон ЮниКредит банкны Зохион байгуулалттай худалдаа, экспортын санхүүжилт хариуцсан захирал Дорис Пигниттэр нар Вена хотноо гарын үсэг зурав.

Төслийн гүйцэтгэгчээр Австрийн “ВАМЕД” компани ажиллах бөгөөд төслийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд зонхилон тохиолдох (элэг, улаан хоолой, ходоод, умайн хүзүү, хөх, бүдүүн шулуун гэдэсний) хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хянах үйл ажиллагааг хүн амын дунд тасралтгүй, үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамж бүхий үндэсний сүлжээг байгуулах юм.