БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ М.ЦЭНГЭГ НҮБ-ЫН ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ГЕРД МЮЛЛЕРТ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ.
Монгол Улсаас НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч М.Цэнгэг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус байгууллагын Ерөнхий захирал Герд Мюллерт Итгэмжлэх захидлаа барив.
Ерөнхий захирал Г.Мюллер 2021 оны 12 дугаар сард ЮНИДО-гийн Ерөнхий захирлаар томилогдсон бөгөөд үүрэгт хугацаандаа ЮНИДО-г ногоон, тогтвортой аж үйлдвэрийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын тэргүүлэгч байгууллага болгох, аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй орнууд болон хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааг шинэ түншлэлийн түвшинд хүргэхийг зорьж буй талаар мэдээлэв.
Байнгын төлөөлөгч М.Цэнгэг Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтууд болон ХХААХҮЯ, ЮНИДО хооронд байгуулсан 2021-2025 оны Стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хамтын ажиллагааг үр дүнтэй өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Ерөнхий захирал Герд Мюллер 2010 онд ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яамны парламентын Төрийн нарийн бичгийн дарга байхдаа Монгол Улсад айлчилсанаа дурдаж, Монголын залуу үе болон байгалийн өвөрмөц шинж чанар өөрт нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын Ерөнхий захирлын хувиар дахин айлчилна гэдэгт итгэлтэй байна хэмээв.