БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ М.ЦЭНГЭГ ОЛОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ РАФАЭЛ ГРОССИД КОНВЕНЦИЙН БАТЛАМЖ ЖУУХ БИЧИГ ГАРДУУЛАВ
Байнгын төлөөлөгч М.Цэнгэг Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) Ерөнхий захирал Рафаэл Гросситой 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр уулзаж, Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц болон Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг гардуулав.
Уулзалтын үеэр ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэл Гросси Монгол Улсад талархал илэрхийлж, манай улсыг дээрх конвенциудад нэгдэн орсноор олон улсын цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын хувьд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцид 1986 онд нэгдэн орсон бөгөөд түүний 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг 2024 онд соёрхон баталсан болно. Харин 1994 оны Цөмийн аюулгүй ажиллагааны конвенцид 2024 онд шинээр нэгдэн ороод байна.
Ерөнхий захирал Рафаэл Гросси Ашигласан түлшний менежментийн аюулгүй ажиллагаа болон Цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлаар дэмжлэг үзүүлж, үргэлжлүүлэн хамтран ажиллахаа онцлов.