images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.МӨНХТӨР НҮБ-ЫН ВЕНА ДАХЬ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БӨГӨӨД НҮБ-ЫН МАНСУУРУУЛАХ БОДИС, ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ МОНИКА ЖУМАД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Хэвлэлийн мэдээ

2026-06-30

144

Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь төвийн дэргэд суух Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр НҮБ-ын Вена дахь төвийн Ерөнхий захирал бөгөөд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захирал Моника Жумад Итгэмжлэх захидлаа барив.

Уулзалтын үеэр Монгол Улс, НҮБ-ын Вена дахь салбар хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай цаашид хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

Байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, даян дэлхийн энх тайван, сайн сайхны төлөө НҮБ болон түүний системийн байгууллагуудтай идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.

Гүйцэтгэх захирал Моника Жума Монгол Улс МБГХТА-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлэв. АНЭУ-ын Абу Даби хотноо 2026 оны 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хариуцлагын асуудлаарх НҮБ-ын XV конгресс”-т өндөр дээд түвшинд оролцохыг хүсэв.